Өнөөдөр бол тэр "нэг өдөр": Someday Is Today номын тэмдэглэл
Бид дандаа "нэг л өдөр" хийнэ гэж хойшлуулдаг ч цаг хугацаа бол буцаж олддоггүй ганц валют юм. Мөнгөнөөс ялгаатай нь цагийг нөхөн олборлох боломжгүй тул төгс цагийг хүлээлгүй одоо л жижиг минутуудыг ашиглаж эхлэх хэрэгтэй.

Бид амьдралдаа "нэг л өдөр тохиромжтой цаг ирэхээр хийнэ" гэж өөртөө хэлж, чухал зорилго, бүтээлч ажлуудаа хойшлуулсаар байдаг. Гэвч тэр "нэг өдөр" хэзээ ч өөрөө ирдэггүй, харин өнөөдөр л таны гарт байгаа ганц боломж юм. Мөнгө үрэгдвэл буцаагаад олж болдог бол цаг хугацааг нөхөн олборлох ямар ч боломжгүй. Matthew Dicks-ийн Someday Is Today номд цаг хугацаагаа хэрхэн эзэмшиж, мөрөөдлөө бодит үйлдэл болгох 22 зарчмыг өгүүлснийг товчлон хүргэж байна.
1. Зуун настны төлөвлөгөө (The One-Hundred-Year-Old Plan)
Энэ зарчим нь одоогийн гаргаж буй шийдвэрээ ирээдүйн өндөр настан болсон өөрийнхөө нүдээр харахыг санал болгодог. Бид өдөр тутмын ялихгүй зүйлд хамаг цагаа үрж, чухал зүйлсээ хойшлуулах нь олонтаа. 100 настай та одоогийн танд хамгийн цэцэн зөвлөгөөг өгч чадах бөгөөд "Тэр үед зориглоод хийх байж дээ" гэж харамсахгүйн тулд яг одоо үйлдэл хийх хэрэгтэй. Энэ долоо хоногт 100 настай өөрийнхөө дүр төрхийг төсөөлөн, зургийг нь утасны дэлгэц эсвэл ширээн дээрээ тавьж харагддаг газар байрлуулаарай.
2. 86,400 секунд (86,400 Seconds)
Нэг өдөрт 86,400 секунд буюу 1440 минут байдаг бөгөөд минутыг хэрхэн зарцуулж байгаа нь бидний амьдралын чанарыг тодорхойлдог. Томоохон цаг зав гараагүй ч гэлээ ганц хоёр минутыг зөв ашиглаж сурах нь асар их үр дүнд хүргэнэ. Цаг тань хаашаа урсаад байгааг ухамсарлах нь бүтээмжийн хамгийн эхний алхам юм. Энэ долоо хоногт өдөр тутмынхаа цагийг хэрхэн зарцуулснаа жижиг дэвтэр дээр тэмдэглэж, ямар минут нь үр дүнтэй өнгөрсөнд дүн шинжилгээ хийгээрэй.
3. Зөв унтаж амарч сур (Sleep Correctly)
Энэ нь "хэзээ ч битгий унт" гэсэн үг биш, харин унтлагыг нандин зүйл гэж үзэн чанартай амрах тухай юм. Замбараагүй унтах нь таны эрч хүчийг сорж, өдрийг бүтээмжгүй болгодог. Унтлагын цагаа зөв тохируулж чадвал та бага цагт илүү гүнзгий амарч, өдрийг эрч хүчтэй ашиглах боломжтой. Энэ долоо хоногийн турш өдөр бүр ойролцоогоор ижил цагт унтаж, ижил цагт сэрэх бөгөөд сэрүүлгээ дахин дахин хойшлуулалгүй орондоо орохоос нэг цагийн өмнө утсаа холдуулаарай.
4. Бүргэд ба хулгана (The Eagle and the Mouse)
Бүргэд бол том зураглал ба таны гол зорилго, харин хулгана бол маргааш гэхэд ямар ч үнэ цэнгүй болох дэмий хөөцөлдөөн юм. Бид ихэнхдээ өнгө будаг тохируулах, зураг солих гэх мэт хэрэгцээгүй жижиг сажиг ажилд хамаг цагаа бардаг. Чухал биш ажлаас татгалзаж сурснаар та жинхэнэ утгаараа урагшлах болно. Энэ долоо хоногт ойрын 5 найзаасаа "Миний хийж байгаа цаг үрсэн, шаардлагагүй зүйл юу байна?" гэж асууж, тэдний заасан нэг зүйлийг шууд орхиорой.
5. Цагаа үрэх үнэ цэнгүй зүйлс (Things that Don't Deserve Your Time)
Таны цаг хугацаа дэлхийн хамгийн баян хүнийхтэй яг ижилхэн ховор чухал валют юм. Амьдралд тань юу ч авчрахгүй, амжилтад тань туслахгүй аппликейшн болон сошиал медиад цагаа үрэх нь цагаа шууд хог дээр хаяж байгаатай адил. Зорилгод тань туслахгүй сошиал медиагийн контент гурав хоногийн дараа мартагдах зүйл байдаг. Энэ долоо хоногт утсан дээрх аппликейшнуудаа нэг бүрчлэн шалгаж, зорилгод тань нөлөөлөхгүйг нь шууд устгаарай.
6. Цагийн хулгайч бай (Be a Criminal)
Энэ нь бусдыг хүлээх, дугаарлах үеийн үнэ цэнгүй минутуудыг "хулгайлж" ашиглах тухай санаа юм. Хүүхдээ гутлаа өмсөхийг хүлээх, кофений дараалалд зогсох үед ч та өөрт хэрэгтэй зүйлийг амжуулж болно. Цаг ашиглахын тулд зарим нэг утгагүй нийгмийн хэм хэмжээг эвдэхэд буруудах зүйл үгүй. Энэ долоо хоногт утсан дээрээ 5 минутад амжуулж болох 5–10 ажил бүхий "дээрэмчний цүнх" (burglar bag) жагсаалт үүсгэж, сул заваараа хийж хэвшээрэй.
7. Муу хүмүүст өдрөө бүү үр (Don't Lose Days to Rotten People)
Сөрөг бодолтой, хортой хүмүүстэй харилцах нь таны амьдралын үнэт өдрүүдийг хулгайлдаг. Тэдний гаргасан ааш зангийн талаар бодож, стрессдэж суух нь таны бүтээмжийг бүрэн унагадаг. Ийм хүмүүсийг амьдралаасаа түргэн зайлуулах эсвэл харилцаагаа таслах нь цагаа хамгаалж буй хэрэг юм. Энэ долоо хоногт таны энергийг сордог хүмүүс (эсвэл байгууллагуудын) жагсаалтыг гаргаж, тус бүрд нь уучлал, ойлголцол, хасах, эсвэл дайсны жагсаалтаас нэгийг нь сонгоорой.
8. "Тийм" гэж хэлж бай (Say Yes)
Бүтээлч боломжуудад "тийм" гэж хариулах нь амьдралд шинэ хаалга, боломжуудын модыг нээж өгдөг. Харин "үгүй" гэж хэлэх нь таныг хааж, ямар ч ахиц дэвшилгүй нэг байранд тань цоожилно. Шинэ зүйлийг туршиж үзэх нь таныг хэзээ ч төсөөлөөгүй боломжуудад хүргэж чадна. Энэ долоо хоногт ирэх бүх бүтээлч саналд шууд "тийм" гэж хариулж, хэрэв татгалзахыг хүсвэл ядаж 3 өдөр хүлээсний дараа "үгүй" болгож өөрчлөөрэй.
9. Гахай биш, тахиа бай (Be a Chicken, Not a Pig)
Энэ нь нэг ажлаас хамааралтай болохын оронд олон төрлийн зүйлд оролцоотой байхыг санал болгож буй хэрэг юм. Тахиа өглөө болгон өндөг гаргаж оролцдог бол гахай нэг л удаа утгаараа золиослогдож зайдас болдог. Нэг л төсөлд бүх эрсдэлээ үүрүүлэхгүйгээр олон зүйлийг зэрэг туршиж үзэх нь амжилтад хүрэх боломжийг нэмэгдүүлнэ. Энэ долоо хоногт баахан сонирхож байсан зүйлсээ жагсаан, нэгийг нь сонгож подкаст сонсох, ном унших эсвэл сургалтад бүртгүүлж эхлүүлээрэй.
10. Барианы шугамаа чи өөрөө тогтоо (You Choose the Finish Line)
Эцсийн бүтээгдэхүүн ямар байх ёстойг эхнээс нь хатуу тогтоож, өөрийгөө хайрцаглах шаардлагагүй. Slack анх тоглоомын компанийн чаатаас, Shopify цанаар хийх дэлгүүрээс эхэлж байсан шиг олон компаниуд анх огт өөр чиглэлээр эхэлж байгаад амжилтад хүрсэн байдаг. Бүтээлч ажлын барианы шугам нь явц дундаа өөрчлөгдөх бүрэн боломжтой. Энэ долоо хоногт хийж буй төслийнхөө идеал үр дүнг 5 минутад бичиж, тэр нь өөр ямар хэлбэртэй байж болох бусад боломжуудыг жагсаагаарай.
11. Муухан ч хамаагүй хийгээд эхэл (Make Terrible Things)
Төгс төгөлдөр рүү тэмүүлэх нь үнэн хэрэгтээ айдас бөгөөд таныг үйлдэл хийхээс зогсоодог. Эхний ээлжинд муу бүтээл олноор нь хийж байж сая сайн бүтээлийн суурь тавигдана. Хүмүүс таны бүтэлгүйтлийг удаан санадаггүй тул өөрийгөө биш, зөвхөн хийж буй ажлаа шүүж сурах хэрэгтэй. Энэ долоо хоногт "Төгс төгөлдөр рүү чиглэсэн аймаар муу ахиц" нэртэй тэмдэглэл нээж, чанарт санаа зоволгүйгээр шууд хийж эхлээрэй.
12. Тэд үүнийг хэрхэн хийсэн бэ? (How Did They Do It?)
Үлгэр жишээ авдаг, таны хүсэж буй амьдралаар амьдарч байгаа хүнээс туршлага судлах нь хамгийн дөт зам юм. Бусдын алдаа ба онооноос суралцсанаар та цаг хугацаагаа асар их хэмнэж чадна. Тэдний туулсан бэрхшээл танд том суралцах боломж олгоно. Энэ долоо хоногт үлгэр жишээ авдаг нэг хүнтэйгээ холбогдож, яаж энэ түвшинд хүрсэн болон сүүлийн үед юу хамгийн хэцүү байсныг асууж тэмдэглэн аваарай.
13. Өөрийн хүмүүсээ ол (Find Your People)
Танд бодит шүүмж өгдөг, таны бүтээлд санаа тавьдаг хүрээлэл заавал шаардлагатай. Дангаараа зүтгэх нь амархан цөхрөхөд хүргэдэг бол зөв хүмүүс таныг хөгжихөд тусална. Таныг дэмждэг, та авьяасыг нь хүндэтгэдэг хүмүүс таны хамгийн том баялаг юм. Энэ долоо хоногт найзууд болон хамтран ажиллагсдынхаа авьяас чадварыг жагсаан бичиж, хүрээллээ үргэлж шинэчилж байгаарай.
14. Гол зорилгодоо анхаарлаа хандуул (Put Your Eyes on the Prize)
Төсөл бүрийг яагаад эхлүүлснээ буюу өөрийн "ЯАГААД" гэдэг шалтгаанаа үргэлж санаж байх ёстой. Энэ нь цаг хугацаагаа эзэмших, санхүүгийн эрх чөлөөнд хүрэх, эсвэл бусдад өөрийгөө батлах гэх мэт юу ч байж болно. Шалтгаанаа тодорхой мэдэх нь бэрхшээлтэй тулгарах үед замаасаа гарахгүй байхад тусална. Энэ долоо хоногт төсөл бүрийг яагаад хөөцөлдөж байгаа шалтгаанаа бичиж, дараагийн хийх алхамтайгаа ойр ойрхон шалгаж хэвшээрэй.
15. Үргэлж тэмдэглэж бай (Party Often)
Ажил дуусахыг хүлээлгүйгээр эхний жижиг амжилтаа ч гэсэн тэмдэглэж баярлах хэрэгтэй. Анхны блог постоо бичих эсвэл тайзан дээр анх удаа гарах зэрэг нь тэмдэглэхүйц том ялалт юм. Амжилтаа тэмдэглэх нь танд дараагийн алхмыг хийх эрч хүчийг өгдөг. Энэ долоо хоногт хүрэх эхний жижиг амжилтаа урьдчилан төлөвлөж, түүндээ зориулж жижиг цэнгүүн эсвэл баяр тэмдэглээрэй.
16. Магтаалаа нөөцөл (Feed Yourself a Compliment Sandwich)
Нэг сөрөг шүүмжийг даван туулахын тулд хүнд доод тал нь 5.6 эерэг үг шаардлагатай байдаг. Бусдаас ирсэн урам зориг, магтаалыг цуглуулснаар та сэтгэл зүйн хувьд тогтвортой байж чадна. Энэ нь бэрхшээлтэй үед өөртөө итгэх итгэлийг тань сэргээх амин дэм юм. Энэ долоо хоногт Notion эсвэл Google Doc дээр магтаал, урам зоригтой мессежүүдээ хадгалах файл нээгээд, өнөөдөр ирсэн нэг сайхан үгийг оруулж эхлээрэй.
17. Түүхээ мэд, түүхээ ярь, түүхээ сонс (Know Your Story. Tell Your Story. Listen to Your Story.)
Өөрийнхөө туулж ирсэн замнал, ялалт ба ялагдлын түүхийг эргэн санаж, түүнийгээ эрч хүч болгон ашиглах хэрэгтэй. Та хэр хол явж ирснээ ухамсарлах нь цааш явах итгэлийг өгдөг. (Matthew Dicks-ийн өөр нэг ном болох Storyworthy нь энэ аргыг гүнзгий ойлгоход тусална). Энэ долоо хоногт өөрийн туулсан амжилт болон бэрхшээлийн түүхээ эргэн санаж, одоогийн ажлынхаа шатахуун болгон ашиглаарай.
18. Бүтээлч чанар хэт чамирхалд дургүй (Creativity Cannot Abide Preciousness)
Бүтээл хийхэд тансаг зуслангийн байшин, төгс орчин, эсвэл тусгай сэтгэл зүйн байдал огт шаардлагагүй. "Би зөвхөн тийм нөхцөлд л ажиллаж чадна" гэх хийсвэр шаардлага нь үнэндээ ажлаа хойшлуулах шалтаг юм. Ямар ч нөхцөлд ажиллаж сурах нь бүтээмжийг асар их дээшлүүлнэ. Энэ долоо хоногт ажиллахад заавал хэрэгтэй гэж боддог зүйлсийнхээ жагсаалтыг гаргаж, худал шаардлагуудыг нь арилган, хэзээ ч бодож байгаагүй газартаа очиж ажиллаж үзээрэй.
19. Байгаа зүйлээрээ шинэ зүйл бүтээ (Make Something into Something)
Дуусгасан бүтээлээ зүгээр нэг шүүгээндээ хийгээд орхиж болохгүй. Нэгэнт хийсэн зүйлээ дараагийн шинэ бүтээл, шинэ боломж болгон хувиргаж сурах хэрэгтэй. Заримдаа бусдын харах өнцөг таны бүтээлийг цоо шинэ түвшинд гаргаж чадна. Энэ долоо хоногт дуусгасан нэг ажлаа найзууддаа үзүүлж, "Үүнийг дараагийн шинэ зүйл болгохын тулд яаж өөрчилж болох вэ?" гэж асуугаарай.
20. Битгий муухай ааштай бай (Don't Be an Asshole)
Бүтээлч хүмүүст дайсан биш, харин дэмжигч ба холбоотнууд хамгийн их хэрэгтэй. Та хэдий авьяастай байлаа ч бусадтай таагүй харилцдаг бол амжилтад хүрэх хаалга хаалттай хэвээр байх болно. Бусдад эелдэг байж, харилцаандаа анхаарах нь амжилттай ажиллахын суурь юм. Энэ долоо хоногт тантай ойр байдаг доод тал нь 5 хүнээс "Би чамд эвгүй, таагүй ааш гаргаж байна уу?" гэж асууж өөрийгөө дүгнээрэй.
21. Ухаанаа бүү өлсгө (Eat a Lot)
Энэ нь хоол идэх тухай биш, харин ном, кино, шинэ сонирхол, бусдын туршлагаас өргөн хүрээтэй мэдлэг "шингээж" авах тухай юм. Зохиолч Stephen King "Завгүйгээсээ болоод уншиж чадахгүй байгаа бол бичих цаг танд байхгүй" гэж хэлсэн байдаг. Байнга шинэ зүйл танин мэдэх нь таны бүтээлч байдлыг байнга тэжээж байдаг. Энэ долоо хоногт найзуудаасаа тэдний туршиж үзсэн дуртай зүйлсийг асууж, өөрөө туршиж үзээрэй.
22. Гутранги үзэлтнүүд зөв байснаа нотлоод үхдэг. Өөдрөг үзэлтнүүд амжилтад хүрдэг. (Pessimists Die Knowing Only That They Were Correct. Optimists Thrive.)
Пессимист үзэл таныг хааж багталцуулдаг тул танд гутранги байх орон зай байхгүй. Өнгөрсөнд тохиолдсон хэцүү үеүдийг туулж гарч чадсанаа санаж, ирээдүйдээ итгэлтэй байх хэрэгтэй. Бид бүх зүйл сайн сайхан болно гэдэгт итгэж, түүний төлөө зүтгэх ёстой. Энэ долоо хоногт амьдралд тань тохиолдсон хамгийн хэцүү 3 үеийг жагсаан бичиж, тэдгээр нь ард үлдсэнийг санан "Бүх зүйл сайхан болно гэдэгт итгэж, түүнийг бодит болго" гэсэн зарчмаар ажиллаарай.
Эдгээр 22 зарчмыг нэг дор бүгдийг нь хэрэгжүүлэх гэж өөрийгөө хүчлэх шаардлагагүй. Харин энэ долоо хоногт өөрт хамгийн ойр санагдсан 2–3 зарчмыг сонгон авч, яг одооноос амьдралдаа хэрэгжүүлж эхлээрэй!