AI эрин үед инженер хүн яагаад 'зочломтгой' байх хэрэгтэй вэ?
Хиймэл оюун ухаан код бичих 'Service'-ийн үүргийг гүйцэтгэж эхэлсэн өнөө үед инженерийн жинхэнэ үнэ цэнэ нь 'Hospitality'-д шилжиж байна.

Өмнөх нийтлэлдээ би Will Guidara-гийн Unreasonable Hospitality номоос санаа авч, инженерийн ажилд Service болон Hospitality-г хэрхэн ялгаж үзэх тухай бичсэн. Бидний хувьд Service гэдэг нь SLA-аа хангасан, алдаагүй, цэвэрхэн код бичихийг хэлдэг. Харин Hospitality бол үүнээс давсан зүйл. Энэ бол хэрэглэгчээ ойлгож, тэдний туршлагыг амилуулах, "өнгө" нэмэх урлаг юм.
"Service is black and white; hospitality is color." — Will Guidara
Өнгөрсөн хугацаанд Silicon Valley-д болж буй үйл явдлууд энэ ялгааг улам бүр тод болголоо.
AI бол төгс "Service" машин
Cursor, Claude Code, OpenAI, Anthropic-ийн загварууд өдөр ирэх тусам сайжирч байна. Тэд өгөгдсөн loop-ийг задлах, off-by-one алдааг засах, эсвэл уйтгартай PR-уудыг бичихэд биднээс хурдан, илүү тогтвортой болсон. AI бол төгс Service гүйцэтгэгч. Түүнд "хар" болон "цагаан" нь тодорхой. Тэр асуултад хариулж, API холбож, тест бичиж чадна.
Хэрэв таны ажил зөвхөн ticket хаах, зааварчилгааны дагуу код бичихэд л оршиж байсан бол AI таныг хэдийнэ гүйцэх эсвэл түрүүлэх гэж байна. Staff инженер гэдэг зөвхөн код бичдэг хүн биш гэдгийг бид бүгд мэдэх ч, энэ бодит байдал хэзээ ч ийм хүчтэй мэдрэгдэж байгаагүй.
Гэхдээ нэг зүйлийг санаарай: AI-д "өнгө" байхгүй.
Hospitality буюу AI-ийн хүрч чаддаггүй зааг
Системийн архитектур, UX-ийн нарийн мэдрэмж, бизнесийн контекст, тэгээд хамгийн чухал нь — Taste буюу "амт".
Хиймэл оюун ухаан код бичиж чадна, гэхдээ тэр "яагаад" гэдгийг бүрэн дүүрэн ойлгодоггүй.
- System Design: Тэр олон мянган боломжит шийдлийг санал болгож чадна. Гэхдээ багийн хурд, ирээдүйн өргөжилт, технологийн өрийн хоорондох тэнцвэрийг олохдоо хүн л шийдвэр гаргадаг.
- UX ба Context: UI дээр товч хаана байх нь чухал биш, хэрэглэгчийн сэтгэл зүй ямар байгаа нь чухал. Тэд яагаад энэ бүтээгдэхүүнийг ашиглаж байна вэ? Тэдэнд ямар "өнгө" хэрэгтэй байна? AI-д хэрэглэгчийн уйтгар гуниг, баяр хөөр, эсвэл тэднийг бүтээгдэхүүнтэйгээ харилцах харилцааны "хүнлэг" тал нь харагддаггүй.
- Taste: Сайн инженер гэдэг бол заримдаа "үгүй" гэж хэлж чаддаг хүн юм. Бүх зүйлийг хийх боломжтой болсон энэ үед, юуг хийхгүй байх вэ гэдэг сонголт хамгийн том үнэ цэнэ болжээ.
Staff инженерийн шинэ үүрэг
Бид Service-ийн ачааллыг AI-д даатгаж сурах ёстой. Гэхдээ энэ нь биднийг илүү их Hospitality-д анхаарах ёстой гэсэн үг юм. Staff инженерүүдийн хувьд бидний ажлын гол цөм нь:
- Нарийн төвөгтэй байдлыг энгийн болгох: AI-ийн гаргасан олон мянган мөр кодыг хянах биш, тэдгээр нь нийт системд хэрхэн нөлөөлж байгааг тодорхойлох.
- Хүн хоорондын холбоо: Технологийн асуудал гэдэг ихэнхдээ хүмүүсийн харилцааны асуудал байдаг. Багууд хоорондоо хэрхэн ойлголцож байна? Бид хэрэглэгчдийнхээ зовлонг хэрхэн мэдэрч байна?
- Тасралтгүй суралцах зан чанар: AI хөгжихийн хэрээр бид код бичих биш, код бичих процессыг удирдах, архитектурыг загварчлах, хамгийн гол нь хэрэглэгчийн сэтгэл ханамжид хөрөнгө оруулах хэрэгтэй.
Дүгнэлт: Таны код өнгөтэй юу?
Бид Service-ийг автоматжуулж, үр ашгийг дээд цэгт нь хүргэсэн. Гэхдээ хэрэглэгчдэд зөвхөн "хар, цагаан" функц хэрэггүй. Тэдэнд хэрэгтэй зүйл бол өөрсдийн асуудлыг ойлгож, үүнийг халамжтайгаар шийдвэрлэх бүтээгдэхүүн.
Дараагийн удаа та AI-аар код бичүүлэхдээ өөрөөсөө нэг зүйлийг асуугаарай: "Би энэ кодыг бичихдээ хэрэглэгчийнхээ төлөө ямар 'өнгө' нэмэв?"
Таны ажлын байран дээрх "хоолны жор"-д Service-ээс гадна ямар "зочломтгой" орцнууд байна вэ?