номамьдралхөрөнгөхөгжил

Мөнгөний сэтгэл зүй – Morgan Housel-ийн номын тухай

Мөнгө эсвэл Жаргалтай амьдрал

Мөнгөний сэтгэл зүй – Morgan Housel-ийн номын тухай

The Psychology of Money

TIMELESS LESSONS ON WEALTH, GREED AND HAPPINESS


Зохиогч: Morgan Housel

2008 онд хөрөнгө оруулалтын банкир мэргэжилээр төгссөн. Энэ үед дэлхий дээр эдийн засаг бүрэн уналтад орсон үе байсан бөгөөд хөрөнгө оруулалтын чиглэлийн ажлын байр эрс хомсдсон байв. Тиймээс Морган ном болон нийтлэл бичиж эхэлсэн байдаг. Түүний ном нь алдартай болсон үндсэн шалтгаан нь, тэр маш энгийн хэлбэрээр уншигчидад гүн санхүүгийн сэдвийг хүргэж чадсан байдаг.

Номийн нэрний тайлбар:

  • The Psychology of Money : Мөнгөний сэтгэл зүй. Угтаа, мөнгөний тухай хүний сэтгэл зүй гэсэн санаатай.

  • TIMELESS LESSONS ON WEALTH, GREED AND HAPPINESS : Хөрөнгө, шунал ба аз жаргалын хэзээ ч хуучрашгүй хичээлүүд.


Тойм

Хүн бүр өөр өөр цаг хугацааны мөчлөгт төрж, өөр өөр орчинд өсөж, ертөнцийг өөрсдийнхөөрөө л харж сурдаг. 70д онд төрсөн хүний хөрөнгийг харах үзэл, 90д онд төрсөн хүнийхээс тэс ондоо. Тэдний хөрөнгө мөнгөний талаарх ойлголтыг өөрчлөнө гэдэг бараг бүтэшгүй зүйл.

Харин, хүн бүр арвин хөрөнгө мөнгөтэй болох гэж зүтгэдэг. Шалтгаан нь: АЗ ЖАРГАЛТАЙ АМЬДРАЛ.

Зарим хүмүүс аз жаргалаа мартаад замын голоос хөрөнгө мөнгийг өөрийнхөө амьдралын зорилго болгочихдог. Зарим нь хэт аз жаргалаа хөөж яваад их өрөнд унах тохиолдол ч бий.

1. Өөрийнхөө л арга замаар яв. Зөв ч байсан буруу ч байсан.

Дэлхий, эдийн засаг, улс төр, хүмүүсийн харилцаа гээд л хорвоо дээрх бүх зүйл маш ярвигтай уялдаа холбоотой зохицол юм. Аз гэдэг зүйл хөрөнгө босгоход маш том нөлөөтэй. Нөгөө талд нь, эрсдэл (аз дутах) гэдэг зүйл тэн хагасыг нь эзлээд байж байгаа. Аль альтай таарахад бэлэн бай. Бидний эргэн тойронд болж буй зүйлсээс бид зөвхөн цөөн тооны зүйлсийг удирдан зохьцуулж чадна. Тиймээс өөрөөсөө хамааралтай чадах зүйлээ хий. Тэгэж байтал та яг өөртөө тохирох загвар арга замаа олно.


2. Цөөн эд зүйлс, их хөрөнгө.

IPhone, Gucci, Rolex, Mercedes, Porsche - гээд л эд зүйлс цуглуулаад байвал, хэзээ ч хөрөнгө тань өсөхгүй. Хөрөнгө гэдэг бол нийтэд харагдадгүй зүйл юм. Олсныхоо хэрээр зарцуулсаар, хуучирсан эд зүйлстэй үлдэнэ. Олсныхоо хэрээр хадгалсаар, жинхэнэ хөрөнгийг үүсгэнэ.


3. Өөрийг нь тань шөнө бүтэн нойртой хонуулах арга зам сонго.

Ямар нэгэн санхүүгийн шийдвэр гаргахдаа, үүнийг сонгосоноор өөрийг тань бүтэн нойртой хонуулах уу, үгүй юу гэдгийг асууж үзэх нь, таньд өөрийгөө мэдрэхэд тань их хэрэгтэй. Зарим хүмүүс хөрөнгөө сайн өсгөх гээд эрсдэл өндөртэй арга зам сонгочихоод, нойр нь хульжаад унтаж чадахгүй байх нь бий. Сэтгэлийн амар амгалан, бүтэн нойртой байх нь, өөрөө бас хөрөнгө юм.


4. Хөрөнгийг өсгөдөг хамгийн чухал хэрэгсэл бол цаг хугацаа.

Нийлмэл хүү (хүүгээс хүү бодох) нь хөрөнгийг хамгийн ихээр өсгөдөг. Бусад нь бол ихэвчлэн хөрөнгө нь өсөж байгаа бус инфляцаа дагаад барьж байгаа үзэгдэл байдаг. 18 наснаасаа, сар бүрийнхээ орлогоос бага ч гэлтгүй хөрөнгө оруулалт хийж эхлэх нь, 35 наснаасаа өндөр дүнтэй хөрөнгө оруулалт хийж эхэлсэнээс заримдаа хэдэн арав дахин үржсэн байдаг.


5. Маш олон зүйл санаснаар болохгүй байсан ч, санаа зовохоо больж сурах. Таны гаргасан шийдвэрүүдийн ихэнх нь угаасаа буруу болно.

Дэлхий ингэж л ажилддаг. Нийт хөрөнгө оруулсан хувьцаа, компаниудын тань цөөнх нь л амжилттай ажиллана. Цөөхөн хэдхэн үйл явдал, нийт үр дүнгийн дийлэнх хувийг бий болгодог гэдгийг санах хэрэгтэй. Тэдгээр нь хэзээ ч тааварлашгүй. Хичнээн хөрөнгө оруултын туршлага мэдлэгэтэй байлаа гээд, хэн ч дэлхийн нэг, хоёр дугаар дайныг тааварлаагүй. Энэ хоёрхон үйл явдал гэхэд л дэлхийн эдийн засгыг үгүй хийсэн. Энэ мэт өөр олон үйл явдал огт тааварлашгүй тохиолддог.

6. Хөрөнгө мөнгийг ашиглаж цаг хугацаагаа эрхэндээ оруул.

АЗ ЖАРГАЛТАЙ АМЬДРАЛын төлөө хөрөнгө мөнгөө өсгөхөөр явж буйгаа сана. Хэзээ, хэнтэй, хаана, юу хүссэнээ хийж байна гэдэг бол хамгийн өндөр өгөөж юм. Хөрөнгө мөнгөө өсгөх гээд бүх цаг хугацаагаа зарцуулаад байвал, та өөрийнхөө зорилгоо мартаж буйн илрэл юм.

7. Хэт гялтганаж гялалзахаасаа илүү хүнлэг, өгөөмөр бай.

Таны ямар эд зүйлстэй байгааг бусад хараад атаархана уу гэхээс хүндлэхгүй. Хүндлэл, хүлээн зөвшөөрлийг сайхан сэтгэл, өгөөмөр байдлаар олж авдагыг сана. Бусадыг дуйрааж, өрөнд орон байж адил эд зүйлс хэрэглэх нь таныг сүйрүүлнэ. Тансаг хэрэглээтэй хүмүүс өөрсдийн хөрөнгө мөнгөө босгочихоод зарцуулж байгаа гэдгийг сана.

8. Хадгал. Зүгээр л хадгал. Заавал битгий шалтгаан хай.

Байрны урьдчилгаанд, шинэ машинд, гэнэтийн эмнэлэгийн төлбөрт гээд зорилготой хадгалах гоё. Хүн бүрийн амьдрал өөр өөр гэнэтийн таамаглашгүй үйл явдалуудын гинжин хэлхээ юм. Тэр үйл явдлууд хэн ч урьдаас тааварлаж чадахгүй. Тиймээс та энэхүү үл тааварлашгүй хүчин зүйлсүүдэд зориулаад бас хадгал.

9. Амжилтанд хүрэх өртөгөө тодорхойлоод, төлөхөд бэлэн бай.

Хорвоо дээрх бүх юм өртөгтэй байдаг гэдгийг сана. Үнэгүй юм гэж байхгүй. Мөнгө хөрөнгийг дагаад алдагдал, ашиг орлого хамтдаа явж байдаг. Алдагдал хүлээхдээ үүнийгээ ашигтай болох төлбөр нь юм гэж бодоод төлөөд цаашаа явах хэрэгтэй. Алдагдал болгоноо алдаа гэж хараад байвал, сэтгэл санааны дарамтад орно.

10. Алдаа гарах нь тодорхой. Тухайн алдаагаа төлөвлөгөөндөө анхнаасаа тусга.

Тэтгэвэрт гарахдаа 1 тэрбумтай байна гэж тооцоолоод, яг уг төлөвлөгөөрөө явбал хэзээ ч энэ төлөвлөгөө чинь биелэхгүй. Яагаад гэвэл, ямар нэгэн алдаа, танаас хамааралтай хамааралгүй гарна. Тиймээс уг гарах алдааг төлөвлөгөөндөө эхнээсээ тусгах хэрэгтэй. Тэгсэнээр төлөвлөгөө тань биелэх магадлал нь өснө.

11. Хэт битгий туйлшир.

Бүх өндгөө нэг сагсанд битгий хий гэдэг дээ. Санхүүгээрээ өм цөм хохирсон хүмүүсийн дийлэнх нь байгаа хөрөнгөөрөө дэнчин тавьж ялагдсан байдаг. Төлөвлөсөн алдааныхаа хэмжээгээр тогло. All-In буюу байгаа бүхнээрээ нэг зүйлд дэнчин тавьж азаа үзэхээс зайлс хий.

12. Эрсдэлээс бүү зугт.

Хөрөнгийн зах зээл дээр аз болон эрсдэл байнга хоршин байдгийг сана. Эрсдэлээс зугтаагаад, огт хөдлөхгүй байх нь бас олж болох аз завшаанаа алдана.

13. Өөрийнхөө тоглоомын дүрмийг өөрөө зохио.

Хүн бүрийн ар гэрийн байдал, мэдлэг боловсрол, урт болон богино хугацааны зорилго өөр өөр байдгыг хүлээн зөвшөөр. Бусдын тоглож байгаа эрсдэлтэй тоглоомыг тоглож өөрийнхөө тоглоомыг битгий сүйтгэ. Таны тоглоом, таны дүрмээр тоглогдох ёстой.

14. Замбараагүй, эсрэг тэсрэг байдлыг хүлээн зөвшөөр.

Ухаалаг, мэдээлэлтэй, мэдлэгтэй хүмүүс санхүүгийн шийдвэрүүд дээр маргах, хүлээн зөвшөөрөхгүй байх нь олонтой. Учир нь тэд ч бас өөр өөрийн гэсэн ялгаатай зорилготой, хүсэл эрмэлзэлтэй. Бүх асуудалд тохирсон ганцхан зөв хариулт гэж байхгүй. Харин зөвхөн таньд тохирсон зөв хариулт бол бий. Түүнийгээ ол.