номамьдралхөрөнгөхөгжил

Хөрөнгийн таван төрөл – Sahil Bloom-ийн номын тухай

Цаг хугацаа, хүрээлэл, оюун ухаан, эрүүл мэнд, санхүү — Таны амьдралдаа бүтээх ёстой таван хөрөнгө.

Хөрөнгийн таван төрөл – Sahil Bloom-ийн номын тухай

The 5 Types of Wealth: A Transformative Guide to Design Your Dream Life

Зохиогч: Sahil Bloom

Sahil Bloom — Stanford-д эдийн засаг, нийгмийн ухаан, улс төрийн бодлого чиглэлээр суралцаж төгсөөд, дараа нь хувийн хөрөнгө оруулалтын компанид ажиллаж, одоо The Curiosity Chronicle мэдээллийн товчоо болон контентын төслүүдийг хэрэгжүүлж буй зохиогч, хөрөнгө оруулагч юм. Түүний анхны ном The 5 Types of Wealth 2025 оны 2-р сард гарч, New York Times-ийн бестселлер болсон. Номонд мөнгөн хөрөнгө ганцаараа амжилт биш, бодит хөрөнгө таван хэлбэртэй гэдгийг судалгаа, ахмад хүмүүсийн ярилцлага, өөрийн туршлагаар үндэслэн тайлбарласан байна.

Номийн нэрний тайлбар:

  • The 5 Types of Wealth : Таван төрлийн хөрөнгө

  • A Transformative Guide to Design Your Dream Life : Мөрөөдлийн амьдралаа төлөвлөхөд туслах гарын авлага


1. Цаг хугацааны хөрөнгө (Time Wealth)

Юу вэ? Энэ нь та өөрийнхөө цаг хугацаагаа хэрхэн зарцуулахыг та өөрөө шийдэх эрх, та өөрийн мөрөөдлийн амьдралын үнэт зүйлстэйгээ нийцсэн мөчүүдэд ихэнхийг нь зориулах чадвар юм.

Яагаад чухал вэ? Таны цаг хугацаа бол хэзээч сэргээгдэхгүй нөөц юм. Гэр бүл, найзуудтайгаа өнгөрүүлэх цаг хязгаартай.

Эцэг эхээ бурханы оронд залаад удаагүй байгаа найз нь номын зохиолчоос дараахыг асууна: "Чи эцэг эхтэй хэр давтамжтай уулзаж байна?" гэхэд зохиолч маань жилд нэг удаа л уулзаж байгаа гэж хариулсан аж.

Тэгтэл найз нь: "Чи тэгвэл дахиад 15 хан удаа л уулзах юм байна даа" гэж хэлсэнээр зохиолч залууг маань цаг хугацааны талаар бодлогшируулсан байдаг.

Зохиолчийн маана эцэг эх нь 65 настай, хүний дундаж нас 80 гэж бодоход 15 хан удаа гэдэг тооцолол болж байгаа юм л даа.

Номонд нэгэн ахмадын үгийг ийнхүү оруулсан байна: “хажуу талдаа хэвтэж байгаа хүндээ шөнө бүр хайртай гэж хэл; нэг л орой нь хоосон болчихно”.

Цаг хугацааны хөрөнгө нь таны мөрөөдлийн амьдралыг утгаар дүүргэх үндэс юм.


2. Хүрээллийн хөрөнгө (Social Wealth)

Юу вэ? Гүн гүнзгий, чанартай харилцаа нь таны амьдралын баяр хөөр, дурсамчит мөчүүдийг бий болгох үндсэн хөшүүрэг юм.

Яагаад чухал вэ? Таны амьдралыг утга учиртай болгодог хамгийн чухал зүйл бол аз жаргалтай мөчүүд юм. Уг мөчүүд таны хүрээллээр л бий болдог. Гэр бүл, найз нөхөд, ажлын хамт олон, таны хөгжөөн дэмжигчид, шүтэн бишрэгчид, сонсогчид гэх мэт, таны хүрээлэл маш том. Хамгийн олон, аз жаргалтай мөчүүд тань, таны хамгийн дотнын хүрээллээр тань бүтээгддэг.

Ахмадуутай хийсэн ярилцлагууд болон баримтат судалгаануудын үр дүнд, амьдралын сүүлчийн мөчүүдэд хүмүүс мөнгөн хөрөнгөө биш, харин хайр дурлал, найз нөхөд, эрүүл мэнд, туулж өнгөрүүлсэн жаргалтай мөчдүүдээ онцлодог болох нь харагддаг.

Хүн бол нийгмийн амьтан бөгөөд ганцаараа, дотны хүрээлэлгүй насыг барна гэж барагтай бол хүн төлөвлөхгүй билээ. Гол бид өдөр тутмын амьдралдаа мөнгөн хөрөнгийг, буюу зөвхөн ажил хэргийг урьтал болгож өдөр шөнөгүй зүтгэсээр, нэг мэдэхэд дотны хүрээллээ хэт багасгасан байдаг.

Ганцаардал таныг үгүй хийнэ.


3. Оюуны хөрөнгө (Mental Wealth)

Юу вэ? Сэтгэлзүй, оюун ухаан тань таныг амьд байгааг тань мэдрүүлэх цор ганц хэмжүүр юм.

Яагаад чухал вэ? Номон дээрх ишлэл: "Зарим хүн 20 насандаа үхээд, 75 нас хүртэлээ булуулдаггүй". Нэг ёсондоо 20 нас хүрээд сурахаа зогсоосноор тархины үхжилт эхэлдэг гэсэн санаа юм.

Дургүй ажлаа хийх, дуртай дургүй өглөө босох, мартамхай болох, хэт стрэссдэх, байнгын ядаргаанд орох, гэх мэт зүйлс нь таныг мөрөөдлийн амьдралдаа хүрэхэд тань асар том саад болно. Даамжраад таны биеийн эрүүл мэндэд тань муугаар нөлөөлж, өвчин эмгэг дуудаж эхлэнэ.

Таны оюун ухаан бол та юм. Өөрийгөө буюу өөрийнхөө оюун ухаанд тогтмол хөрөнгө оруулсанаар, та өөрийн мөрөөдлийн амьдралаадаа амьдарч, мэдэрч чадах юм.

Дуртай зүйлээ хий, бодлогошир, мөрөөдөлдөө авт, зөвхөн мэдээлэл биш мэдлэг байнга хуримтлуул.


4. Эрүүл мэндийн хөрөнгө (Physical Wealth)

Юу вэ? Эрүүл мэнд, эрч хүч — тогтвортой дадал, эрүүл зуршилаар хадгалагддаг биеийн байдал.

Яагаад чухал вэ? Бие нь таны амьдрах байшин юм. Та уг байшиндаа дунджаар 80-аад жил амьдрах юм. Муухай, эвдэрхий, ашиглалтнаас гарсан байшинд амьдрахгүйн тулд, та байнга засаж сэлбэж, тордож байхгүй бол нэгэнт эвдрээд өгвөл засвар авах боломжгүй болох өндөр магадлалтай. Эрүүл мэндээ хамгаалахгүй бол хичнээн мөнгөтэй, хичнээн сайхан тойрон хүрээлэгчтэй, хичнээн их цаг хугацаатай — ямар ч хамаагүй гэдгийг та хэнээр ч хэлүүлэхгүй ойлгож байгаа биз.

80 насандаа найран дээр бүжиглэж байх уу, ороноосоо өндийх боломжгүй хэвтэж байх уу? гэдэг асуултын хариултыг та яг одоо боловсруулж байгаа.

Тогтмол дасгал хөдөлгөөн, дийлэнхдээ зөв хооллох, унтаж амрах, муу зуршлаа хаях зэрэг үйлдлүүдээр таны мөрөөдлийн амьдрал биелэх болно.


5. Санхүүгийн хөрөнгө (Financial Wealth)

Юу вэ? “Хангалттай” хэмжээнд хүрч, эрх чөлөө олж, бусад дөрвөн төрлийн хөрөнгийг хэрэгжүүлэх нэг хөшүүрэг юм.

Яагаад чухал вэ? Номын гол санаа нь, та өөрийнхөө мөрөөдлийн баян амьдралыг яг тодорхой тодорхойлохгүй бол хэзээ зогсохоо мэдэхгүй, шуналд автах боломжтой гэдгийг харуулна. Таны мөрөөдлийн амьдрал дансандаа мөнгөтэй байх юм уу? Эсвэл, хүссэн зүйлээ хийх юм уу? Мэдээж мөнгөн хөрөнгөтэй байж байж та хүссэн зүйлээ хүссэн үедээ хийж чадна. Тэгвэл тэр яг таны хүсээд байгаа зүйл чинь яг юу юм бэ? Хэдэн төгрөг яр хэрэгтэй юм бэ? гэх асуултад хариулсанаар, та өөрт тохирох төвөллөгөөг гарах боломжтой болно. Төлөвлөгөө, хараа хяналтгүй, нэг ч хүн баяжаагүй гэдгийг сана.

Санхүүгийн эрх чөлөө гэдэг нь хүн хүний хувьд харилцан адилгүй. Бидний ихэнх нь дэлхийн тэргүүлэх баячууд болж чадахгүй. Гэхдээ, бид бүгдээрэй хангалттай амьдрах боломжтой. Мэдээж маш их хатуужил, тэсвэр тэвчээр, санхүүгий зөв боловсрол шаардлагатай.

Наад захын жишээ нь: Урт хугацааны тогтмол хөрөнгө оруулалт, яаралтай үед хэрэглэх бэлэн мөнгөний хуримтлал үүсгэх, олж буй орлогоо нэмэгдүүлэх, гарч буй зардалаа орлогоосоо бага барих гэх мэт.


Уг нийтлэлийн тухай

Энэхүү нийтлэл нь номноос шууд утгачилан орчуулсан биш бөгөөд, би өөрийн үгээрээ Монгол хэлэндээ тайлбарлахыг оролдлоо. Уг таван төрөл нь, номон дээрээ таван бүлэг бөгөөд, бүлэг бүр нь маш олон талаас нь харж, харьцуулж, нухацтай талбайрлсан бөгөөд, бүлэг бүрийн төгсгөлд нь хэрхэн хөрөнгө бүрийг бүтээх/барих аргуудын орсон байдаг.

Хэрэв уншигчидаас маань хүсэлт ирвэл, бүлэг тус бүрээр нь дэлгэрэнгүй тайлбарлан тус тусад нь нийтлэл болгон оруулъя гэж бодож байна.