мөнгөтэтгэвэрсанхүүхадгаламж

Сайхан тэтгэврийн амьдрал: Өнөөдрөөс эхэлдэг

Тэтгэврийн төлөвлөлт ба эрт эхлэхийн бодит үр нөлөө.

Сайхан тэтгэврийн амьдрал: Өнөөдрөөс эхэлдэг

АНУ ирээд ингэж тэтгэвэрээ төлөвлөөд сууж байх юм гэж даанч санасангүй дээ. 😅 Энэхүү нийтлэлээрээ, таньтай хэрхэн тэтгэвэрээ эрт төлөвлөх, тогтмол хуримтлуулах, нийлмэл хүү-гийн ач холбогдол, сэдвээр сурсан мэдлэгээ хуваалцахыг зорьлоо.

Нийгмийн даатгал ба тэтгэвэрийн амьдрал

Зөвхөн нийгмийн даатгалын шимтгэлээ төлж явж байгаад тэтгэвэрт гарахад, таны тэтгэвэрийн мөнгө тухайн сарын хэрэглээг тань л хангах болно. Гэтэл, та тэтгэвэрт гараад гэрээсээ гарж оролгүй байнга суухыг хүсэхгүй байгаа биздээ? Тиймээс, таньд тэтгэвэрт гарахад нийгмийн даатгалаас гадна, өөр орлого эсвэл тэтгэвэрийн хадгаламж хэрэг болох болно.

Инфляц

Жил ирэх тусам Монгол төгрөгийн ханш унаж байгаа. Дэлхий нийтээр хэрэглэдэг санхүүгийн зохьцуулалт нь өөрөө байнга ийнхүү унаж байхаар зохьцуулагдсан. Инфляцад өртдөггүй улс орон гэж үгүй.

Инфляц гэдэг бол таны өнөөдрийн 10,000₮ хуримтлал, 30 жилийн дараа өнөөдрийн 1,000₮ шиг сул дорой болно гэсэн үг.

Таны зорилго болон төлөвлөгөө

Таны тэтгэвэрийн хадгаламжийн зорилго бол таныг тэтгэвэрт гарах үед, таны хадгаламж өнөөдөр оруулсан шигээ хүчтэй, дээрээс нь нэмэгдээд өссөн байх ёстой. Өндөр хөгжилтэй улс орнууд энэ талаар ард түмэнээ дэмжсэн бодлого, олон төрлийн хөтөлбөрүүд явуулдаг. Энэ нь Монгол улсад маань хараахан дэлгэр хөгжөөгүй байна.

Тоогоор илэрхийлвэл: Өнөөдрийн таны хадгаламжиндаа оруулсан 10,000₮ = 2литр сүүтэй дүйцдэг бол, 30 жилийн дараа, таныг тэтгэвэрт гарах үед 5 литр сүүтэй дүйцдэг байх ёстой.

Эрт эхлэхийн хүч

Тэтгэврийн төлөвлөлтөд хамгийн хүчтэй “хэрэгсэл” бол цаг хугацаа. Нийлмэл хүүгийн ачаар ажил амьдралын эхэнд хийсэн хуримтлал тань хугацааны явцад мэдэгдэхүйц хурдаар өсөх боломжтой.

Дараах хоёр хувилбарыг харьцуулъя.

  • Оогий: 25–35 насандаа (10 жил) сар бүр ₮200,000 хуримтлуулаад, дараа нь зогсооно.
  • Чинбаа: 35 наснаасаа эхлэн сар бүр ₮200,000 хуримтлуулаад 65 нас хүртэл (30 жил) үргэлжлүүлнэ.

Хэрвээ жилийн өгөөжийг 5% гэж үзвэл, Оогий нь Чинбаа-гаас богино хугацаанд (10 жил) хуримтлуулсан ч тэтгэвэрт гарах үедээ илүү их хуримтлалтай байх тохиолдол гарч болно. Энэ бол нийлмэл хүү болон эрт эхлэх-ийн бодит хүч.

Хэр их хуримтлуулах вэ?

Нийтлэг зөвлөмжөөр бол тэтгэврийн зорилгоор орлогынхоо 15–20%-ийг хуримтлуулахыг санал болгодог. Гэхдээ яг тохирох хэмжээ нь дараах хүчин зүйлсээс хамаарна.

  • Одоогийн нас
  • Тэтгэвэрт гарахыг хүсэж буй нас
  • Тэтгэвэрт гарсныхаа дараах сарын/жилийн зардлын төсөөлөл
  • Одоогийн хуримтлал
  • Хүлээгдэж буй өгөөжийн хувь

Өөрийн нөхцөлд тохируулан тооцоолж харахын тулд тооцоолуур ашиглаарай. Хамгийн чухал нь таамаглалуудаа (өгөөж, инфляц, зардал) бодитой байлгаж, нөхцөл байдал өөрчлөгдөх үедээ төлөвлөгөөгөө шинэчлэх юм.

Хэрхэн, хаана хуримтлуулах вэ?

  1. Банкны хадгаламж: Монгол банкнууд тэтгэвэрийн хадгаламжууд санал болгодог. Жилийн хүү нь 10 ~ 12%. Энэ нь инфляцын түвшинтэй бараг ижил. Тиймээс, ямар ч байсан, гудсан доороо хадгалаж байснаас хамаагүй илүү. Давуу тал нь таны мөнгө, мөнгөн хэлбэрээ байгаа учир та хялбархан захиран зарцуулах боломжтой.

  2. Хөрөнгө оруулалт: Гадаад болон дотоодын хөрөнгийн биржүүдээр дамжуулан хөрөнгө оруулах. Энэхүү арга нь маш түгээмэл бөгөөд хамгийн боломжит хувилбаруудын нэг юм. Энэ нь инфляц барихаас гадна мэдэгдэхүйц өснө. Дутагдалтай тал нь та мөнгөө хүссэн үедээ авч хэрэглэх боломжгүй. Энэ нь ерөнхийдөө удаан хугацаандаа ашигаа үзүүлдэг.

Анхааруулга: Энэ нь хувьцааны арилжаа биш (хямд байхад нь аваад, үнэтэй болохоор нь зарах). Хэрхэн хөрөнгө оруулалтаа сонгох вэ гэдгээр нийтлэл ирээдүйд оруулах болно.

  1. Үл хөдлөх хөрөнгө: Дэлхий даяар, хамгийн жигд, найдвартай өсөлттэй салбар бол үл хөдлөх хөрөнгийн салбар. Хувьцаа, бонд зэрэг хөрөнгө оруулалтын хэрэгсэлүүдтэй харьцуулахад асар эрсдэл багатай. Гэхдээ, арчилгаа, үйл ажиллагааны зардалтай.

Бүх өндөг нэг сагсанд

Өнөөдөр аль нэг салбар ашигтай байна. Маргааш унана. Өөр салбар гараад л ирнэ. Бараг хүн бүр л энэ үгийг сонсож байсан байх: "Бүх өндгөө нэг сагсанд хийгээд, сагсаа алдвал бүх өндөгөө алдана". Тарааж байрлуулах нь хамгийн чухал. Бүх хуримтлалаа нэг сувгаар төвлөрүүлэхээс зайлсхий.

  • Банканд тодорхой хэмжээний хадгаламжтай бай.
  • Хөрөнгө оруулалт хий.
  • Үл хөдлөх ав.

Түгээмэл гаргадаг алдаанууд

  1. Хэт орой эхлэх: Хойшлуулсан жил бүр эцсийн хуримтлалын хэмжээг мэдэгдэхүйц бууруулна.
  2. Инфляцыг тооцохгүй орхих: Өнөөдрийн ₮10,000,000 нь 30 жилийн дараа ижил худалдан авах чадвартай байхгүй.
  3. Хэт “болгоомжтой” байх: Эрсдэлээс бүрэн зайлсхийх нь өсөлтийн боломжоо алдах эрсдэлтэй.
  4. Төлөвлөгөөгөө эргэж харахгүй байх: Амьдрал өөрчлөгдөхийн хэрээр таны төлөвлөгөө ч дагаж өөрчлөгдөх ёстой. Жил бүр дор хаяж нэг удаа хяна.

Хэзээ эхлэвэл зүгээр вэ?

Тэтгэврийн төлөвлөлтийг эхлэх хамгийн сайн цаг нь “өчигдөр” байсан. Харин дараагийн хамгийн сайн цаг нь өнөөдөр. Бага дүн ч гэсэн хугацааны явцад нийлээд том болдог бөгөөд эрт эхлэх тусам таньд хэрэгтэй байдаг.