Миний блогт тавтай морил
Блогийн минь танилцуулга, та эндээс юу олж авах боломжтой вэ?

Сайн байна уу, тавтай морил! Намайг Д.Отгондаваа гэдэг, гэхдээ танилууд маань бүгд Оогий гэж дууддаг. Олон жил блог бичиж эхлэх тухай бодож явдаг байсан боловч яг нэг тогтож суугаад эхэлж чадалгүй өдийг хүржээ. Ядаж л 40 хүрэхээсээ өмнө ийнхүү эхлэж байгаадаа маш их баяртай байна гэхдээ. 😎
Юу төлөвлөж байгаа вэ?
Энэхүү блогоороо би өөрийн сурсан мэдсэн бүх зүйлсээ системтэй та бүхэндээ хуваалцахыг хүсч байна. Дараах сэдвүүдээр зонхилон бичнэ гэсэн бодол байна. Үүнд:
- Програм Хөгжүүлэлт: Программ хангамжийн инженерчлэлийн талаарх бодлууд, шинэ мэдээ, мэдээлэл, хиймэл оюун ухаан, цахиурын хөндий үйл явдал.
- Санхүү: Хувийн санхүүгийн зөвлөгөө, санхүүгийн ойлголтуудын тайлбар, мөнгөний шийдвэр илүү сайн гаргахад туслах хэрэгслүүд.
- Амьдрал: Санамсаргүй бодлууд, туршлага, замдаа сурсан зүйлс, хувь хүний хөгжил, бие болон сэтгэлийн эрүүл мэнд.
Яагаад бичиж байгаа юм бэ
Сүүлийн үеийн мэдээлэл технологийн хурдацтай хөгжилийг дагаад, мэдээ мэдээлэл гэдэг зүйл богино болон урт хэмжээний видео бичлэг байдлаар олон нийтэд түгээддэг болсон. Энэхүү боломж нь дэвшилтэт хэрэгцээ юм шиг санагдав ч, муу нөлөө нь ашигаасаа илүү давамгайлах хандлагатай гэж харж байна. Тиймээс, хүн төрөлхтөний уламжлалт аргаар, сурсан мэдсэнээ хуваалцсан нь хэн хэндээ ашигтай юм болов уу гэсэн үндсэн дээр, бичиж эхлэлээ.
Миний бичсэн нэг зүйл, хэн нэгэнд хүрч тусалж чадвал, тэр нь миний хамгаас том амьдралын амжилтуудын нэг юм.
Тооцоолуурууд
Блог нийтлэлээс гадна энэ сайтаас санхүүгийн тооцоолуурууд олох боломжтой. Эдгээр нь нийтлэг санхүүгийн төлөвлөлтийн ажлуудад туслах хэрэгслүүд:
- Зээлийн тооцоолуур: Зээлийн төлбөрөө ойлгоод, нэмэлт төлбөр хийхэд цаг, мөнгө хэрхэн хэмнэдэгийн нүдээрээ харах, ойлгох.
- Хадгаламжийн тооцоолуур: Тэтгэвэр болон бусад хадгаламжийн зорилгоо төлөвлөх. гэх мэтчилэн тооцоолуурууд нэг нэгээр би нэмсээр байх болно.
Холбогдох
Асуулт, санал хүсэлт байвал, эсвэл зүгээр л мэндлэхийг хүсвэл, холбоо барих хуудсыг маань ашиглана уу. Эсвэл нийгмийн сүлжээгээр надтай холбогдоорой. Би таныг холбогдохдоо тун их баяртай байх болно.
✌️ Зочилсон таньд баярлалаа! ❤️